Эр хүнийг хайрлаж яваарай
Эрхлүүлэн өсгөсөн Солонго, Намуу хоёртоо
Хоёр жигүүр дэлгэн
Хорвоог ханьтай тулдаг
Дөрөөн чимэгэр хяагаа мялааж
Дөрвөн алган дээр үүрээ засдаг
Нар сар орж гардаг хорвоогийн
Чухаг мунхаг хатуу жам
Нас бие ирж оддог ертөмцийн
Чулуутай цэцэгтэй алаг зам
Хүн дундуур урсаж өнгөрдөг
Он жилүүдийн цэнхэр мөрөн
Хүй бие хоёр шиг ойрхон
Орооцолдож бүтсэн халуун хэлхэ
Тоонын хүрээ тулалцсан бүсгүйн номхон заяа
Тотгот тулганд бадамласан
Зүггүй галын “бурхад”
Үүдэн хоймрын цэлгэр зайд
Гэрийн нар дагаж мөлхсөн
Зүүдэн хоосны тохиох одонд
Нэрийн отог үлдээхэр заяасан
Салаа гэзгээ салхиар самнаж
Сайн морины нуруунд ниссэн
Саалийн халиагаар хормой мялааж
Сайхан эхийгээ өвчиж өссөн
Миний хоёр охин минь
Гал таслан, тооно өргөхөд чинь
Ганзганд чинь хэлэх
Гэрийн чинь чагтганд уях
Гэзэгний чинь үзүүрт сүлжиж өгөх
Гуравхан мөр шүлэг аав нь тэрлэлээ
“ЭМЭЭЛ ДЭЭР УРГАСАН УУЛ АТЛАА
ЭЛГЭНД ЧИНЬ БАГТСАН ТОЛГОД
ЭР ХҮНИЙГ ХАЙРЛАЖ ЯВААРАЙ”